Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний ойлголт, ач холбогдол

Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ бол нэг төрлийн эрдэм шинжилгээний ажил мөн. Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийснээр бодит хэрэг маргаан дээр ажиллахаас гадна үүссэн маргааныг хууль, эрх зүйн талаас нь задлан шинжилж, бүхий л эрх зүйн онол, үзэл санаа, шүүхийн практикийг судлах боломж өгдгөөрөө сонирхолтой, бас үр өгөөжтэй судалгаа байдаг. Энэ нь оюутнуудын хууль хэрэглээний чадвар болон асуудалд дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ, судлаач эрдэмтдийн бас нэгэн оюуны бүтээл болдог.

Иймд энэхүү арга зүйн зөвлөмжийн зорилго нь шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг хөгжүүлж, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх явдлыг хэвшүүлэхийн тулд эрдэмтэн, багш, судлаачдыг шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нэгдсэн аргачлал, арга зүйгээр хангах явдал болно. Энэ зорилгын хүрээнд, уг зөвлөмжид шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ гэж юу болох, түүний ашиг тус, ач холбогдол болон баримтлах зарчмуудыг тусган өгч, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний байж болох бүтэц, агуулгыг тодорхойлохыг зорьсон юм.

Хуульч, судлаач, хууль зүйн сургуулийн оюутнууд гэх мэт шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зорилготой хэн бүхэн энэхүү зөвлөмжийг ашиглаж болно. Мөн бүх шатны шүүхийн шийдвэрүүд дээр энэ арга зүйг ашиглаж болохоор байна. Гагцхүү эрүү, иргэн, захиргааны хэргийн шийдвэрийн тус бүрийн онцлогоос хамаарч энэхүү аргачлал нь төгс нийцэхгүй байхыг үгүйсгэхгүй. Цаашид шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй, аргачлал нь салбар эрх зүйн онцлог, судлаачдийн арга барилаас шалтгаалан олон хэлбэр, хэв маягийг үүсгэж болох боловч тэдгээрийн үндэс, тулгуур нь энэхүү зөвлөмж болно гэдэгт найдаж байна.

1.1.Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний тодорхойлолт

Монгол Улсад шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ гэж юу болох талаар тогтсон тодорхойлолт ховор. Гэвч агуулга, шинж чанарыг нь харгалзан дараах байдлаар тодорхойлж болох юм. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ нь тодорхой нэг шүүхийн шийдвэрийг хууль зүйн болон хэлбэрийн талаас нь задлан шинжилж, хууль зүйн асуудал, хууль хэрэглээ, онол практикийн холбоо хамаарал, ач холбогдлын талаар тайлбарлан бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл юм.

1.2.Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зорилго

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх гол зорилго нь шүүхийн шийдвэрийг зөв уншиж ойлгох, шүүхээс хуулийг хэрхэн тайлбарлан хэрэглэж байгаа талаарх онол ба хууль хэрэглээний холбоо хамаарлыг судлах, шийдвэрийн эрх зүйн ач холбогдол зэргийг тайлбарлахад оршино.

1.3.Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний ач холбогдол

1)Эрх зүйн хөгжлийг хурдасгана.

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийснээр шүүхийн шийдвэрийг шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулан, онол практикийг уялдуулан судлах боломжийг нээж, эрх зүйн асуудлуудыг нээн илрүүлэх, тэдгээрийг шийдвэрлэх зэргээр үндэсний эрх зүйн хөгжилд хувь нэмэр оруулна.

2)Хууль зүйн сургалтын чанарыг сайжруулна.

Судлаач, оюутнууд шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийснээрээ эрх зүйн онол ба хууль тогтоомжийн уялдаа холбоо, хууль хэрэглэх арга зүйг танин мэдэхээс гадна шүүхийн шийдвэр бичих, боловсруулах арга техникт суралцана. Мөн судалгааны ажил хийхдээ тухайн сэдвийн хүрээнд шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийснээр судалгааг илүү бодитой, баялаг, үр нөлөөтэй болгоно.

3)Шүүхийн нэр хүндийг өсгөнө.

Сайн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийн, түүний ач холбогдлыг гарган ирснээр, нийгмийн дунд тухайн шүүгч, шүүхийн нэр хүндийг дээшлүүлнэ.

4)Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийснээр шүүгч нар аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн гэдгийг харуулж, цаашлаад шүүхийн шийдвэрийн бичвэр, үндэслэл сайжрах замаар шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.

1.4.Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх субъект

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх этгээд нь хуульч, судлаач, хууль эрх зүйн сургуулиудын оюутнууд гэх мэт хэн ч байж болно.

1.5.Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхэд баримтлах зарчим

Судлаач нь нийтийн дарамт, хууль дүрэм журмын хориглолт болон хөндлөнгийн оролцоонд үл автан мэдлэг олж авах, судалгаа хийх академик эрх чөлөөтэй. Үүний зэрэгцээ үндэслэлтэй, судалгаатай, академик ёс зүйг чандлан баримтлах үүрэг хариуцлагатай. Үүнд тухайлбал,

1) Бусдын оюуны бүтээлийг хүндэтгэх[1]

2) Байгууллагын болон хувь хүний нууцыг хамгаалах[2]

3)Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх зэрэг үнэт зүйлүүдийг ойлгоно.

 

1.6.Дүн шинжилгээ хийх шүүхийн шийдвэр

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхдээ, Улсын дээд шүүхийн тогтоол болон хүчин төгөлдөр давж заалдах шатны шүүхийн магадлалыг сонгон авахыг санал болгож байна. Мөн дуулиантай эсхүл шинэлэг асуудлыг хөндсөн анхан шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж болох авч хүчин төгөлдөр болсон эсэхийг нягтлан шалгах хэрэгтэй.

 



[1] Бусдын бүтээлээс иш татахдаа заавал ишлэл хэрэглэж байхыг анхаарна уу.

[2] Нууцын тухай холбогдох хуулиудад заасан нөхцөлийг анхаарна уу. Хэргийн агуулгыг (факт) танилцуулахад хэргийн оролцогчдын нэрийг үсгээр орлуулах нь зүйтэй. Тухайлбал, гадаадын зарим өндөр хөгжилтэй орнуудад(АНУ, Япон) нэхэмжлэгчийг X , хариуцагчийг Y, гуравдагч этгээдүүдийг A, B, C гэх мэт нэрлэдэг жишиг байна.


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ