Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн нь 2016 оны 03 дугаар сараас эхлэн "Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ” цахим сэтгүүлийг эрхлэн гаргах гэж байгаатай холбогдуулан шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх сонирхолтой судлаач, их дээд сургуулийн багш, эрх зүйч мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг хамтран ажиллахыг урьж байна. Та өөрийн судалгааны чиглэлийн хүрээнд хийж боловсруулсан дүн шинжилгээг олон нийтэд танилцуулах, санал, шүүмж авах, хэвлэн нийтлүүлэх, эсхүл оюутнуудаа дүн шинжилгээ хийж оролцуулах зэргээр манай судалгааны хүрээлэнд хандаж болно.

Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ хийхийн өмнө ШСМСХ-гээс боловсруулсан "Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх” арга зүйн зөвлөмжтэй танилцан, шаардагдах нөхцөлүүдийг хангасан судалгаа хийж явуулахыг та бүхнээс хүсэж байна. Судалгааны ажлын бүтэц, аргачлалын хувьд өөрийн хэв маягаар бичиж болох ч ишлэл зүүлтийн талаарх ерөнхий шаардлагуудыг хангах нь зүйтэй юм. Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүйн зөвлөмжтэй танилцахыг хүсвэл www.judinstitute.mn цахим хаягаар эсхүл 2016 оны тус хүрээлэнгээс эрхлэн гаргасан судалгааны тайлангийн эмхтгэлтэй танилцаж болно.

Таны хийж ирүүлсэн дүн шинжилгээг шаардлага хангасан гэж үзвэл Шүүхийн Ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn болон Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн www.judinstitute.mn цахим хуудаст байршуулах, эсхүл хүрээлэнгээс эрхлэн гаргадаг "Шүүх эрх мэдэл” мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхтгэлд хэвлэн гаргах боломжтой.

Судалгааны бүтээлээ ирүүлэхдээ нэр, харьяалах сургууль эсхүл ажлын газар, холбогдох цахим шуудангийн хаяг, утасны дугаар, шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээг хавсарган ирүүлнэ үү. Түүнчлэн биднээс та бүхэнд аль болох хяналтын шатны шүүхийн тогтоолд дүн шинжилгээ хийхийг санал болгож байна.

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийснээр судалгааны ажил хийж байгаа оюутан, судлаачид шүүхийн шийдвэрийг бодитойгоор зөв уншиж ойлгох, шүүхээс хуулийг хэрхэн тайлбарлан хэрэглэж байгаа талаар онол ба хууль хэрэглээний уялдаа холбооны хамаарлыг судлах, шүүхийн шийдвэрийн эрх зүйн ач холбогдол зэргийг тайлбарлах чадвар эзэмших, шүүхийн шийдвэрийг хэрхэн бичих, боловсруулах талаар арга техникт суралцах, дүн шинжилгээ хийх ажилбар зэрэг нь судлаач, эрдэмтдийн оюуны бүтээл бий болгох боломжийг нээх зэрэг олон сайн талтай юм.

Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг цахимаар болон биечлэн ирүүлж болно. Цахим хаягаар Ariunzaya@judcouncil.mn болон Ulzii@judcouncul.mn хаягаар, биечлэн ирүүлэх тохиолдолд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамжинд байрлах Засгийн газрын 11 дүгээр байр, 7 давхарт, 711 тоотод ирүүлнэ үү.

Асууж лавлах зүйлийг 51-261065 утсаар холбогдоно уу.


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ