Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

"Монгол Улсын Шүүхийн 2016 оны эхний хагас жилийн дүн мэдээ"-г “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар танилцууллаа

2016-07-25 10:13 1 230

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, ахлах референт Э.Өлзийлхам, Шүүхийн статистик хариуцсан референт-судлаач Э.Ганцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны референт Т.Түмэнцэцэг нар оролцож, "Шүүн таслах ажлын 2016 оны эхний хагас жилийн дүн мэдээ” сэдвийн хүрээнд мэдээлэл хийсэн юм. 


Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 26.1 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 32.5 хувиар буурсан байна

Монгол Улсын шүүх 2016 онд нийт 2636 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, нийт 2971 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ. Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 26.1 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 32.5 хувиар тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 8 тэрбум 236 сая 309 мянга 272 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 249 хүний амь хохирч, 1124 хүний биед /хүнд, хүндэвтэр, хөнгөн/ гэмтэл учирчээ.

Шүүхэд хүлээн авсан болон хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг, ял шийтгүүлэгчдийн тоо "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор буурсан байна.

Шийдвэрлэсэн гэмт хэрэг дотроос хүнийг санаатай алах гэмт хэрэг 91 байгаа нь өмнөх оноос -16 хэргээр буюу 14.9 хувиар, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах хэрэг 125 байгаа нь -39 хэргээр буюу 23.7 хувиар, танхайрах гэмт хэрэг 271 байгаа нь -76 хэргээр буюу 21.9 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 261 байгаа нь -122 хэргээр буюу 31.8 хувиар өнгөрсөн оноос тус тус буурсан дүн юм.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн нийт эрүүгийн хэргийн 39.6 хувийг эзэлж байна.

Хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний тоо өсчээ

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хүчиндэх гэмт хэрэг 4 хэргээр буюу 4.5 хувиар буурсан хэдий ч ял шийтгүүлсэн хүний тоо 9.1 хувиар өссөн нь анхаарал татаж байгаа бөгөөд уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн байна.

Өнгөрсөн онд гэмт хэрэг давтан үйлдэж шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо 2.1 дахин, эмэгтэйчүүдийн тоо 37.9 хувиар, насанд хүрээгүй хүний тоо 30.4 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүмүүсийн тоо 27.2 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 21.3 хувиар, тус тус буурсан байна. Гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 52.8 хувь нь 18-29 насны хүмүүс байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.9 хувиар нэмэгдсэн байна. Нийт ял шийтгүүлсэн хүмүүсийн 71.7 хувь нь /давхардсан тоогоор/ нь эрхэлсэн ажил, сургуульгүй хүмүүс байна.

Шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо 1209 хэргээр өсчээ

Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 онд нийт 33254 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 21242 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэргийн тоо өмнөх оноос 1209 хэрэг буюу 6 хувиар өссөн байна.

Иргэний хэрэг ийнхүү өсөхөд худалдах-худалдан авах гэрээний маргаан 708 хэргээр буюу 23.5 хувиар, зээлийн гэрээний маргаан 457 хэргээр буюу 14.6 хувиар, хамтран ажиллах гэрээний маргаан 64 хэргээр буюу 55.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.


Захиргааны хэргийн тоо 5.1 хувиар мөн өсчээ

Улсын хэмжээнд захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд нийт 1794 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч 686 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 5.1 хувиар өссөн дүн юм. Захиргааны хэргийн тоо ийнхүү жил дараалан тогтмол өсч байгаа нь иргэд төрийн байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг шүүхийн журмаар шийдвэрлүүлж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх эрх зүйн ухамсар, соёл дээшилж байгаатай холбоотой юм.

Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн сонгуулийн маргаан өсчээ

Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 72 нэхэмжлэлийг хүлээн авч, 66 хэргийг шийдвэрлэж, 6 хэргийн үлдэгдэлтэй байна. Анхан шатны шүүхүүдэд ирүүлсэн сонгуулийн маргааны хувьд Аймаг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах, нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах, нэр дэвшигчээр бүртгэсэн сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгуулах, Аймгийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгох тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн үндсэн шаардлага бүхий нэхэмжлэлүүд байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нийт 87 сонгуулийн маргаан хүлээн авснаас 77 хэргийг шийдвэрлэж, 10 хэргийн үлдэгдэлтэй байна.   Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн сонгуулийн маргааны хувьд 54 хэрэг нь Улсын Их Хурлын сонгуультай холбоотой, 33 хэрэг нь Аймаг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой маргаан байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 735 зөрчлийн материал хүлээн авч, 729 хэргийг шийдвэрлэж, 6 хэргийн үлдэгдэлтэй байна.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд 57 материал нэхэмжлэлийг хүлээн авч, 44 хэргийг шийдвэрлэж, 4 хэрэг давах гомдлоосоо татгалзаж, 9 хэргийн үлдэгдэлтэй байна.


 

Эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлүүлсэн маргааны 70.6 хувьд эвлэрэл амжилттай болжээ

Иргэд, хуулийн этгээд 2016 оны хагас жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 7420 өргөдөл гаргаснаас 5695 маргааныг эвлэрүүлэн зуучлагч нар шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 4023 маргаан буюу 70.6 хувьд нь эвлэрэл амжилттай болсон бол 1672 маргаан буюу 29.4 хувьд нь эвлэрэл амжилтгүй болжээ. Эвлэрэл амжилттай болсон өргөдлийн шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хэмжээ 3.8 хувиар өссөн бол эвлэрэл амжилтгүй болсон өргөдөл 3.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамжаар улсын төсөвт 116 сая 537 мянга 840 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж байдлаар төвлөрүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч 14.2 хувиар өсчээ

Улсын хэмжээнд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 1992 шүүх хуралдаанд 2024 иргэдийн төлөөлөгч оролцжээ. Нийт бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны 947 буюу 47.5 хувь нь эрүүгийн, 911 буюу 45.7 хувь нь иргэний, 134 буюу 6.8 хувь нь захиргааны хэргийн шүүх хуралдаан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч 252 хүнээр буюу 14.2 хувиар өссөн байна.

Шүүхээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 5.6 орчим тэрбум төгрөгийг төрийн санд оруулжээ

Монгол Улсын шүүхээс 2016 оны хагас жилд нийт 6 тэрбум 135 сая 626 мянга 619 төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэснээс улсын тэмдэгтийн хураамжаар 5 тэрбум 698 сая 520 мянга 979 төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.


Бусад ажиллагаа

2016 онд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоо 1796 байгаа нь өмнөх оноос 16 хүнээр буюу 0.8 хувиар өссөн бол захиргааны арга хэмжээ авагдсан хүний тоо 3395 байгаа нь өмнөх оноос 5919 хүнээр буюу 2.7 дахин, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан хүний тоо 510 байгаа нь өмнөх оноос 166 хүнээр буюу 24.5 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм.

"Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хуралд бүх аймаг, орон нутгийн шүүхүүд онлайнаар холбогдсон бөгөөд хэвлэл мэдээллийн 28 байгууллагын 50 орчим сэтгүүлч, сурвалжлагч оролцлоо.

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ