Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Л.Галбаатар: Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн арга хэрэгсэл тодорхой бус үлдлээ

2016-08-11 09:41 837

Тахарын албыг татан буулгасантай холбоотойгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хэн, хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал эргэлзээтэй болоод байна. Учир нь Цагдаагийн албаны тухай хуулинд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар ганц ч үг, үсэг байхгүй. Өөрөөр хэлбэл, шүүгч, шүүхийн аюулгүй байдал энэхүү хуулийн гадна үлдэж хоцорчээ. Тиймээс энэ асуудлаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

-Тахарын албаны хууль хүчингүй болчихлоо. Тэгэхээр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хэн, хэрхэн хангах нь маш бүрхэг байна. Ер нь шүүх, шүүгчийн аюулгүй байдалд заналхийлсэн, халдсан тохиолдол хэр их гардаг юм бэ?

-Шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, шүүгчийн биед халдсан гэмт хэргүүд гарсаар байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйл буюу шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэмт хэргийг 2014-2015 онд шүүхээр шийдвэрлэсэн тохиолдол дөрвөн удаа гарсан байна. Үүнээс гадна Тахарын ерөнхий газраас зөвхөн 9 сарын хугацаанд шүүгч-2, улсын яллагч-2, гэрч-5, хохирогч-26, хамаарал бүхий этгээд-29 нийт 64 иргэний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байгаа юм. Энэ бол маш ноцтой тоо баримт. Тиймээс ч шүүх, шүүгчийн буюу шүүн таслах ажиллагааны оролцогчийн аюулгүй байдлыг хангах бодит шаардлага байгаа нь үүнээс харагдаж байгаа.

Харамсалтай нь энэ үүргийг гүйцэтгэж байсан Тахарын албыг татан буулгаж, энэ үүргийг цагдаагийн алба гүйцэтгэхээр боллоо.

-Тахарын алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байсан талаар мэдээлэл өгөөч?

-Өмнө нь шүүхийн байруудыг мэргэжлийн бус хүмүүс хамгаалдаг байсан. Тахарын албаны албан хаагчдын хувьд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэшүүлэх болон дахин мэргэшүүлэх сургалтад удаа дараа хамрагдсан. Зарим тоон мэдээллийг авч үзье. Тахарын ерөнхий газраас 2015 оны эхний 9 сарын байдлаар 8868 яллагдагч, ялтныг хуяглан хүргэсэн байдаг. 2014 онд 366 яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хүлээн авч хэрэгжүүлсэн. Түүнчлэн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш яллагдагч, гэрчийг шүүхэд албадан ирүүлэх шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж 880 хүлээн авсан. Үүнээс яллагдагч 40, хариуцагч 735, гэрч 64, хохирогч 41, шинжээч 32, нэхэмжлэгч 29 тус тус албадан ирүүлж шүүхэд хүлээлгэн өгсөн байна. Мөн үйл ажиллагаа жигдэрсэн үед хагас жилийн хугацаанд дунджаар 941 яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хүлээн авч хэрэгжүүлсэн байна.

Бас нэгэн онцлох зүйл бол, 2014 онд улсын хэмжээнд хэргийн оролцогч 64 иргэний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Түүнчлэн шүүхээс иргэний хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар даалгасан нийт 3776 шийдвэр, захирамжийг хүлээн авч улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж шийдвэр, захирамжийн биелэлтийг хангасан. Үүнд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан боловч биелэгдээгүй 2005-2013 оны нийт 1870 шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан тоон мэдээлэл ороогүй.

Үүнээс гадна техник, тоног төхөөрөмжийн хувьд тусгаарлах тууз, эд зүйлийг хадгалах электрон шүүгээ, металл илрүүлэгч хаалга зэргийг байрлуулж өгснөөр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны нөхцөлийг сайжруулсан. Тахарын албанаас шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд шүүхийн байруудад согтууруулах ундааны хувь тогтоогч, металл илрүүлэгч болон бичиг баримт хуулбарлагч сканнер байрлуулсан. Шүүхийн байруудад анхны түргэн тусламжийн хайрцаг болон өвчтөнг зөөх дамнуургыг бэлэн байлгаж шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн биеийн байдал гэнэт муудах зэрэгт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Өмнө нь шүүхээс хүсэлт гаргасны дагуу цагдаагийн ажилтан шүүх хуралдааны дэг сахиулдаг байсан. Тахарын албаны мэргэшсэн алба хаагчид хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн дагуу шүүх хуралдааны 212557 оролцогчийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Эндээс харахад Тахарын алба бол зөвхөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах тал дээр маш их ажил хийсэн, маш хэрэгтэй алба байсан нь харагдаж байна.

-Бусад улс орон, олон улсын жишигт шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиг үүргийг ямар алба хэрэгжүүлдэг талаар мэдээлэл өгөөч?

-Олон улсын хэмжээнд онц ноцтой гэмт хэргүүдийг үр дүнтэй шийдвэрлэх, бие даасан шүүх, хараат бус шүүгчийн үйл ажиллагааны гол хүчин зүйл нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх тусгай алба гэж үздэг. Тухайлбал, ийм тусгай албанд ОХУ-ын Холбооны Шүүхийн дэргэдэх хууль сахиулах алба, Тайваний шүүхийн цагдаагийн алба, Макаогийн Олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн алба, Францын Үндэсний Жандармерын алба, Канадын Шерифийн алба, АНУ-ын Маршалын албыг тус тус нэрлэж болно. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь нэг удаагийн шинжтэй бус, байнгын тогтмол үйл ажиллагаа тул энэ чиг үүргийг хэрэгжүүлэх тусгай алба тодорхой стратегитай, гэмт халдлагын нөхцөл байдалтай уялдаж ажиллах шаардлагатай байдаг. Жишээ нь, АНУ-ын Маршалын алба өөрийн 2012-2018 оны стратегийн төлөвлөгөөтэй бөгөөд түүндээ цаг үеийн хурдтай өөрчлөлтөд хэрхэн бэлэн байдалтай байхыг онцгой анхаарсан байдаг. Манай улсын хувьд ийнхүү олон улсын жишигт нийцсэн тусгай алба бий болж, хөгжих явцдаа татан буугдаж байгаа нь харамсалтай байна.

-Таны хувьд шүүхийн аюулгүй байдлыг хангах бүтцийг бэхжүүлэх асуудлаар бодлогын судалгаа гүйцэтгэж байгаа. Судалгааны үр дүнгээс харахад цаашид цагдаагийн алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад хэр бэлэн бэ?

-Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн 2016 бодлогын судалгааны хүрээнд "Шүүхийн аюулгүй байдлыг хангах бүтэц, цаашид түүнийг бэхжүүлэх арга зам” сэдэвт бодлогын судалгааг гүйцэтгэхээр тусгасан. Үүний дагуу тус судалгааг гүйцэтгэж, тайлангийн үе шатанд явж байхад Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон. Энэ нь тус судалгааг одоогийн шинэ зохицуулалтын хүрээнд үргэлжлүүлэн судалж, боловсронгуй болгох шаардлага бий боллоо.

Шинээр үүссэн нөхцөл байдлаар Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай 2016.07.21-ний өдрийн хуулиар цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх эрх хэмжээнд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой эрх хэмжээг нэмээгүй байна.

Хэдийгээр "шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүргийг цагдаагийн алба гүйцэтгэнэ” гэсэн ерөнхий заалт Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шинэчлэн оруулсан хэдий ч шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний төрөл, хэлбэр, түүнийг хэрэгжүүлэх алба хаагчийн эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулсан "Тахарын албаны тухай” хуулийг бүхэлд нь хүчингүй болгосон тул цагдаагийн албан хаагчид шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг ямар арга хэмжээгээр хэрхэн хангах нь хуульчлагдаагүй үлдэж хоцорсон байна. Тодруулбал, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ буюу шүүхийн харуул хамгаалалтыг хэрэгжүүлэх, шүүх хуралдааны журам сахиулах; шүүхийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, өөрчлөх, засварлахад аюулгүй байдлын зөвлөмж гаргах; шүүгчид аюулгүй байдлын хамгаалалтын талаар сургалт явуулах; шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах; шүүхийн дуудснаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх зохицуулалтыг хууль тогтоогч хүчингүй болгосон төдийгүй өөр хуульд оруулаагүй.

Энэ нь хууль зүйн техникийн хувьд, хууль тогтоогч Тахарын албаны чиг үүргийг цагдаагийн албанд шилжүүлэхдээ "Тахарын албаны тухай” хуулийг бүхэлд нь хүчингүй болгохгүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулж "тахарын алба” гэснийг "цагдаагийн алба” гэж солих ёстой байсныг харуулж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Г.ХИШИГ

Эх сурвалж: www.news.mn


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ