Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

2017-02-02 10:26 564

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын (IDLO) хооронд 2016.11.28-ны өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд "Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал”-ыг боловсруулах төслийг хамтран хэрэгжүүлж байна. Тус ажил эхний ээлжинд туршилтын байдлаар 6 сарын хугацаанд үргэлжлэх юм.

Шүүхийн шийдвэрт олон улсын практикт нэвтэрсэн аргачлалаар дүн шинжилгээ хийх нь шийдвэрийг чанаржуулах, уялдааг сайжруулах, эрдэм шинжилгээ судалгаанд ашиглах зэрэг ихээхэн ач холбогдолтой юм.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий хараат бус, өндөр ур чадвар бүхий Зөвлөл байгуулан ажиллуулахаар тогтсон болно.

Зөвлөлийн гишүүнээр эрүү, иргэн, захиргааны аль нэг эрх зүйгээр мэргэшсэн, шүүн таслах ажиллагааны арвин туршлагатай, нэр хүндтэй эрдэмтэн, судлаач, бүх шатны шүүгчид ажиллах боломжтой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсгийн зүгээс тус Зөвлөлийг бүрдүүлэх, ажиллах нөхцлийг хангах, үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлж ажиллана.

Дүн шинжилгээ хийх шийдвэрийг санамсаргүй болон зорилтот түүврийн аргыг хослуулан сонгох бөгөөд Зөвлөлийн дүн шинжилгээ хийх аргачлал, холбогдох мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсгийн зүгээс бэлтгэн танилцуулна.

 

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх сонирхол бүхий эрүү, иргэн, захиргааны аль нэг эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач, шүүгчид өөрийн намтар, ажлын туршлага, эрдэм шинжилгээний бүтээлийн талаарх мэдээллээ урьдчилсан байдлаар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дотор Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд galbaatar@judcouncil.mn хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах судлаач, хуульч Л.Галбаатараас galbaatar@judcouncil.mn хаяг, 51-261065 дугаарын утаснаас лавлана уу.


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ