Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцлээ

2018-04-30 12:20 441

Өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцлээ

"ӨВ ЗАЛГАМЖЛАЛ, МЭДЭГДЭХ ХУУДАСНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ПРАКТИКИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Шүүхийн ерөнхий зөвлөл Монголын Нотариатчдын танхимтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд "Өв залгамжлал, мэдэгдэх хуудасны эрх зүйн зохицуулалтын хууль хэрэглээ, практикийн зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хамтран зохион байгууллаа.

Нотариатчийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй өв залгамжлал, мэдэгдэх хуудасны эрх зүйн зохицуулалтын хууль хэрэглээ, практикийг боловсронгуй болгох арга замын талаар шүүгч, эрдэмтэн судлаач, нотариатчийн төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.

Нотариатчдын танхимын Мэдээлэл, судалгааны төвийн ахлагч, МУИС-ийн ХЗС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор Д.Янжинхорлоо "Өв залгамжлалын асуудал” илтгэлдээ өв залгамжлал, гэрээслэл, өвлөх эрхтэй холбоотой харилцааг Иргэний хуулинд хэрхэн зохицуулж ирсэн уламжлал, өөрчлөлт, ялгаатай байдлын талаарх асуудлыг хөндөж, 1980-2018 онд хийгдсэн Гэрээслэлийн талаарх судалгааг тоймлосон бол "Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тоон тойм” сэдвээр илтгэл тавьсан Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар 2015-2017 оны шүүхийн шийдвэрийн тойм болон Өв залгамжлалын асуудлаар Иргэний хэргийн зарим шүүгчдээс авсан асуулга, түүний үр дүнг танилцуулав.

Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Х.Цогзолмаа "Мэдэгдэх хуудас – эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал” илтгэлдээ Нотариатын мэдэгдэх хуудас, түүний ач холбогдол, үр дагавар, хуулийг нэг мөр ойлгох талаар баримт, харьцуулалт, мэдэгдэх хуудсыг олон улсын түвшинд хэрхэн зохицуулдаг, цаашид анхаарвал зохих асуудлын талаар хөндсөн бол Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа илтгэлдээ Нотариатын мэдэгдэх хуудсыг шүүхээр шийдвэрлэсэн байдлын тоон судалгаа болон шийдвэрлэх процесс, үйл ажиллагаа, цаашид анхаарвал зохих асуудлуудыг хөндсөн "Нотариатын мэдэгдэх хуудсыг шүүхээр баталгаажуулж байгаа байдал” сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасны дагуу бусад өвлөгч өв хүлээн авах хүсэлтийг 1 жилийн дотор гаргаагүй бол хамт амьдардаггүй өвлөгч өвлөх хүсэлтээс татгалзсан гэж үзэх хуулийн хэм хэмжээний уламжлалт зохицуулалтыг дагах нь зүйтэй эсэх мөн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Монголын Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн хүсэлтийг үндэслэн олгох нь бодит боломж болох, мэдэгдэх хуудас үйлдэх, түүнийг шүүхээр баталгаажуулахад тулгарч буй асуудлын талаар голлон хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид энэ арга хэмжээ нь цаг үеэ олсон, цаашид улам өргөн хүрээнд зохион байгуулах нь шүүн таслах ажиллагаанд эерэг үр дагавар авчрах ач холбогдолтой болохыг онцолж байлаа.

Хэлэлцүүлэгт Иргэний хэргийн шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтны төлөөлөл, , Монголын Нотариатчдын танхимын удирдлагууд, нотариатчид, Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төлөөлөл оролцов.


 Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн 

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ