Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх загвар аргачлал

 

Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ нь салбар эрх зүйн онцлог болон судлаачийн арга барилаас шалтгаалан олон янзын хэлбэр, хэв маягийг үүсгэн хөгжүүлэх нь дамжиггүй. Тиймээс энэхүү арга зүйн зөвлөмж нь гагцхүү байж болох бүтэц, түүний элементүүд буюу бүрдэл хэсгүүдийг санал болгож байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, доорх элементүүд буюу бүрдэл хэсгүүд нь заавал баримтлах дараалал биш байна.

Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ нь 1/ Хэргийн агуулга буюу факт, 2/ Шийдвэрийн агуулга, 3/ Дүн шинжилгээ гэсэн үндсэн хэсгүүдтэй. Түүнчлэн 4/ Дүгнэлт гэсэн хэсгийг нэмж болно.

Үндсэн хэсэг

Агуулга

1

Эхлэл

Ø Шүүхийн шийдвэрийн нэр

Ø Оршил

2

Хэргийн агуулга

/факт/

Ø Гол үйл явдал

Ø Өмнөх шатны шүүхийн шийдвэр, түүний үндэслэл

3

Шийдвэрийн агуулга

Ø Тухайн шийдвэр, түүний үндэслэл

 

4

Дүн шинжилгээ

 

Ø Маргаантай асуудал

Ø Эрх зүйн онол, судлаачдын үзэл санаа

Ø Ялгаатай ба төсөөтэй шүүхийн шийдвэр

Ø Судлаачийн хувийн үзэл бодол, байр суурь

Ø Хэлбэрийн болон хууль зүйн техникийн шаардлага

5

Дүгнэлт

Ø Шүүхийн шийдвэрийн ач холбогдол

Ø Цаашид судлах шаардлагатай асуудал

Ø Товч дүгнэлт

6

Эх сурвалж

Ø Ашигласан ном, өгүүлэл, бусад дүн шинжилгээ г.м

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. ЭХЛЭЛ

Аливаа шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхдээ тухайн шийдвэрээ танилцуулах шаардлага гарна. Өөрөөр хэлбэл, ямар шийдвэр дээр дүн шинжилгээ хийх гэж буй, мөн тухайн шийдвэрийн бүрэн эхийг хаанаас олж болохыг агуулсан шүүхийн шийдвэрийн нэрийг танилцуулна. Шүүхийн шийдвэрийн нэр нь заримдаа шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний гарчиг болдог.

ØШүүхийн шийдвэрийн нэр

Иргэн, эрүү, захиргааны хэргийн онцлогоос хамаараад шүүхийн шийдвэрийг нэг аргаар нэрлэх хүндрэлтэй байна. Иймд судлаач сонгосон шийдвэрийн онцлогт тааруулж дараах 2 түгээмэл аргуудаас сонгон хэрэглэнэ үү.

1) Талуудын нэрээр нэрлэх

Нэхэмжлэгч хариуцагчийн нэрийг оролцуулна. Онцгой субъекттэй хэргийг шийдвэрлэсэн, мөн жишиг тогтоохуйц өндөр ач холбогдолтой гэж үзсэн шийдвэр дээр энэ аргыг хэрэглэж болохоор байна.

2) Маргааны агуулгаар нэрлэх

Уншигчдад хэргийн талууд хэн байх нь ач холбогдолгүй тохиолдолд энэ аргыг хэрэглэж болно. Энэ аргын онцлог нь уншигчдад шүүх ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн гэдгийг олж харах боломжийг өгдөг. Үүнээс гадна дүн шинжилгээ хийж буй судлаач нь шийдвэрийн маргаант асуудлыг зөв ойлгосон эсэхийг илтгэх шалгуур болдог.

Ø Шийдвэрлэсэн шүүх, шийдвэрийн огноо, дугаар

Сонгож авсан шүүхийн шийдвэрийг аль шүүхээс гаргасан, тухайн шийдвэрийн албан ёсны дугаар, огноог танилцуулах шаардлагатай.

Ø Шийдвэрийн нийтлэгдсэн эх сурвалж

Дүн шинжилгээ хийх гэж буй шийдвэрийг бүрэн эхээр ямар албан ёсны эх сурвалжаас авч болох вэ гэдгийг заана. Шүүхийн шийдвэрийн цахим сайтыг ишлэхдээ хэргийн индексийг зааж өгч болно.

ØОршил

Зарим дүн шинжилгээг харахад, "Хэргийн агуулга”-ын өмнө "Оршил” эсхүл "Тавигдаж буй асуудал” зэргээр тухайн шийдвэрийг сонгосон үндэслэл, ач холбогдол, хөндөж буй асуудлаа нэг өгүүлбэрээр дурдсан байх нь бий. Гэвч энэ бол заавал байх элемент биш, сонголтот бүрдэл хэсэг байна.

Тус 2 аргыг хэрэглэсэн жишээг толилуулъя.

Цэцийн шийдвэрийн дүн шинжилгээ

 

УИХ э. Н.Хайдав (2007)1

1 УИХ э. Н.Хайдав, ҮХЦ, дүгнэлт 2, 2007.02.23, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

 

Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ

 

Үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахтай холбоотой хэрэг1

1 Улсын дээд шүүхийн 2004.04.22-ны 214 дүгээр тогтоол /Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл-I боть, 255 дахь тал/

2. ХЭРГИЙН АГУУЛГА /ФАКТ/

Энэ хэсэгт болсон үйл явдлыг танилцуулна. Өөрөөр хэлбэл, шийдвэрт тусгагдсан мэдээлэл дээр боловсруулалт хийж гол үйл баримтыг орхигдуулалгүй тодорхой байдлаар өгүүлнэ. Ингэхдээ нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараас шууд хуулбарлалгүйгээр, үнэн зөв хэмээн шүүхээр тогтоогдсон үйл баримтуудыг танилцуулна. Гол үйл баримт гэдэг нь шийдвэрийн үйл баримтууд дотроос тухайн үйл баримт өөрчлөгдвөл шийдвэрийн үндэслэл өөрчлөгдөж болох байсан үйл баримтыг хэлнэ.

Мөн энэ хэсэгт өмнөх шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл /процессын түүх/, давж заалдсан гомдлын агуулга зэрэг өнөөг хүртэлх ямар процесс үйл ажиллагаа явагдсаныг танилцуулна. Зарим дүн шинжилгээнд өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг "Шийдвэрийн агуулга” хэсэгт оруулах нь ч бий. Иймд аль хэсэгт оруулахыг судлаач өөрөө сонгож болохоор байна.

3. ШИЙДВЭРИЙН АГУУЛГА

Шийдвэрийн агуулгыг танилцуулахдаа, "магадлалыг хүчингүй болгосон” эсхүл "магадлалыг хэвээр үлдээсэн” эсэхийг дурдаад, гол үндэслэлийг нь утга агуулгыг гажуудуулахгүй өгүүлнэ. Иймд үндэслэх хэсгийг бүрэн эхээр нь хуулбарлахгүйгээр гол хэсгийг нь ишлэх маягаар танилцуулж болно. Зарим тохиолдолд шийдвэрээс шууд ишилж бичих нь уншигчдыг төөрөгдүүлэхгүй байх арга юм.

4. ДҮН ШИНЖИЛГЭЭ

Энэ хэсэгт дараах элементүүдийг хамааруулан анализ хийнэ. Эдгээр элементүүд нь дараалал биш, бүрдэл хэсгүүд тул гарцаагүй доорх дарааллыг баримтлан, дэд хэсгүүдэд хуваах шаардлагагүй. Өөрийн арга барилаар дүн шинжилгээг бичиж болно.

ØМаргаантай асуудал

Судлаач нь тухайн шийдвэрээр ямар асуудлыг хөндөж тавьсныг тодорхойлон тайлбарлах шаардлагатай. Шүүхийн шийдвэрийн эрх зүйн асуудал нь процессын болон материаллаг эрх зүйн асуудал гэж хуваагдана. Гэхдээ процессын журам зөрчсөнтэй холбоотой шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нь тийм ч ач холбогдолтой биш. Тиймээс материаллаг эрх зүйн асуудал хөндсөн шүүхийн шийдвэрийг сонгон, материаллаг эрх зүйн асуудлыг энд хөндөж тавих юм.

Зарим шүүгчид эрх зүйн асуудлыг маш товчхон бичсэн байдаг. Гэхдээ дүн шинжилгээ хийх гэж буй судлаачдын хувьд бүрэн хэмжээний эрх зүйн асуудлыг гаргаж ирэх нь илүү чухал юм. Зарим тохиолдолд шүүх шийдвэртээ эрх зүйн асуудлыг товч тодорхойлон бичээгүй байдаг учраас судлаачид үүнийг өөрсдөө танин мэдэх хэрэгтэй болдог. Ийм тохиолдолд талууд эрх зүйн асуудлыг хэрхэн тодорхойлж, тайлбарласныг сайн судлах хэрэгтэй. Энэ хэсэгт асуудлыг хөндөж тавьсны дараа тухайн асуудалд өгсөн шүүхийн хариулт, үндэслэлийн учир шалтгааны холбоо хамаарлыг өгүүлж болно. Өөрөөр хэлбэл, асуултад шүүх "тийм” гэж хариулсан уу, "үгүй” гэж хариулсан уу? Яагаад ингэж хариулсныг дүн шинжилгээ хийж буй судлаач нь шийдвэрлэсэн байдалтай уялдуулан бичиж болно.

ØЭрх зүйн онол, судлаачдын үзэл санаа

Судлаач нь дээрх эрх зүйн асуудал, маргаантай холбоотой эрх зүйн онол, тайлбар, үзэл баримтлал, судлаачдын үзэл санааг тусгана. Ишлэлийг зайлшгүй хэрэглэвэл зохино.

ØЯлгаатай ба төсөөтэй шүүхийн шийдвэр

Судлаач тухайн эрх зүйн асуудалтай холбоотой өмнө нь гарч байсан шүүхийн шийдвэрүүдийг судалж тусгана. Өмнө нь ижил төсөөтэй маргааныг шүүхээс хэрхэн шийдвэрлэж байсан, ямар үзэл баримтлалыг баримталсан бэ гэдгийг гаргаж ирнэ. Ингэхдээ аль болох Улсын дээд шүүхийн шийдвэрийг, хэрэв тухайн маргаантай холбоотой Улсын дээд шүүхийн шийдвэр байхгүй бол давж заалдах шатны шүүхийн магадлалыг сонгож болно. Хэрэв эдгээрийн аль аль нь байхгүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг сонгон судалж болно.

Өмнө нь гарсан шүүхийн шийдвэрүүдийг хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн байдлаар нь ангилж бичих нь уншигчдад тустай. Тухайлбал, эдгээр нь дүн шинжилгээ хийж буй шүүхийн шийдвэртэй ижил байр сууриас шийдвэрлэсэн үү, эсрэг байр сууриас шийдвэрлэсэн эсэхийг ялган бичиж болно. Ингэж бичихдээ тухайн шийдвэрийн нэр, үндэслэлийн гол хэсгийг нь танилцуулна. Өмнө нь гарсан шүүхийн шийдвэр нь их байх тусам сайн боловч бүгдийг нь дүн шинжилгээндээ бичвэл хэт нуршуу болох эрсдэлтэй тул онц ач холбогдолтой гэсэн шийдвэрүүдийг сонгон авах нь зүйтэй юм.

ØСудлаачийн хувийн үзэл бодол, байр суурь

Судлаач өөрийн хувийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ учир шалтгааны хувьд итгэл үнэмшил төрүүлэхүйц үйл баримтуудыг өөрийн оюун дүгнэлтээр харьцуулж үзэн, хэр үндэслэлтэй вэ гэдгийг бичиж тэмдэглэнэ.

Тухайлбал, ямар асуудал үүссэн, түүнтэй холбоотой онол, үзэл баримтлал хэрхэн үзэж байгаа, шүүх түүнийг хэрхэн шийдвэрлэв, хуулийг хэрхэн тайлбарлав, ямар үзэл баримтлалыг барив, мөн өөрийн үзэл бодол хэрхэн үзэж байгаа, шүүхийн шийдвэртэй ижил байр суурьтай байна уу, эсрэг байр суурьтай байна уу гэх мэт асуудлуудыг гаргаж ирэх юм. Мөн тухайн шийдвэрийн үндэслэлд бичигдсэн хууль тогтоомж нь ямар хүрээгээр хязгаарлагдаж байгаа буюу шийдвэрийн хамрах хүрээг гаргаж ирж болно.

ØХэлбэрийн болон хууль зүйн техникийн шаардлага

Энэ нь сонголтот бүрдэл хэсэг бөгөөд хэлбэрийн талаас анхаарал татахуйц зүйл байна гэж үзвэл судлаач энэ талаар өгүүлж болно. Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйл, мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 4 сарын 25-ны "Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлалын тухай” зөвлөмжийг ашиглаж болно. Түүнчлэн утга найруулга, үг үсгийн алдаа зэрэг техникийн шаардлага талаас үнэлэлт өгч болно.

5. ДҮГНЭЛТ

Товч дүгнэлт бичнэ. Мөн дараах зүйлсийг тодруулан бичвээс шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ нь үр нөлөөтэй болох юм.

ØШүүхийн шийдвэрийн ач холбогдол

Шийдвэрийн ач холбогдлыг гаргаж тавихдаа, тухайн шийдвэрийн эрх зүйн хөгжилд оруулж буй хувь нэмэр, бусад шийдвэрүүдийн дунд эзлэх байр суурийг нь тодорхойлж өгнө. Тухайн маргаантай асуудлыг шүүх шийдвэрлэснээрээ ямар шинэ хандлага, алхам, тайлбарыг бий болгов? Ямар нэгэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэв үү? Шүүхийн практик нэгэн шинэ хандлагыг тогтоож чадсан уу? зэргийг тайлбарлан бичнэ.

Шийдвэрийн ач холбогдлыг "Дүгнэлт” хэсгээс гадна "Оршил” хэсэгт, мөн "Дүн шинжилгээ” хэсэгт ч бас өгүүлж болохоор байна. Үүнийг мөн л судлаач өөрөө сонгохоор байна.

ØЦаашид судлах шаардлагатай асуудал

Уг шийдвэрт дүн шинжилгээ хийх явцад шинээр үүсэж буй асуудал, судлах шаардлагатай зүйл зэрэг үлдсэн нэмэлт асуудлыг энэ хэсэгт тэмдэглэж болно.

6. ЭХ СУРВАЛЖ

Дүн шинжилгээ хийхэд ашигласан ном зохиол, сурах бичиг, өгүүлэл, илтгэл, бусад дүн шинжилгээ зэргийг багтаана.

 


 

 


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ